АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн цогцолбор барилгын Шав тавих ёслолын арга хэмжээ 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр боллоо.
МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй Бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд говийн бүсэд байрлах 63 жилийн түүхтэй, зүүн болон говийн бүсийн аймгуудын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэдэг тус сургуулийн хөгжил, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд улсын төсвөөс 25,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн ба 600 оюутны Хичээлийн байр, 350 оюутны Дотуур байр, 250 оюутны багтаамжтай Номын сан, Соёлын төв, спорт эко орчин бүхий Цогцолбор барилга баригдах юм.
Барилгын шав тавих ёслолд МУ-ын Их Хурлын гишүүн, Зам тээврийн Сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал, АИТХ-ын дарга Найдангийн Алдарбаяр АШУҮИС-ийн Ректор, АУ-ны Доктор, Профессор Б.Дамдиндорж, АШУҮИС-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, БАС-ийн захирал АУ-ны доктор Г.Дарамбазар, орон нутгийн удирдлагууд, салбар сургуулийн багш, ажилчид, оюутнууд, үе үеийн ахмадууд, төгсөгчдийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү цогцолбор барилга баригдсанаар сургалтын орчин нөхцөл сайжирч, эмч, эмнэлгийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд, ажиллаж байгаа багш, ажилчин, албан хаагчид, төгсөгчдийн сэтгэл ханамж улам нэмэгдэж, сургалт, эрдэм шинжилгээний чанарт нөлөөлж, орон нутаг дахь тэргүүлэх сургууль болж чадна гэдэгт итгэлтэй байна.
Тус цогцолбор барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан Баярмаа захиралтай “Болор Аграмба” ХХК-ийн хамт олондоо ажлын амжилт хүсье.
Орон нутаг дахь их сургуулийнхаа хөгжлийг дэмжин ажиллаж буй Дорноговь аймгийн нийт удирдлагууддаа салбар анагаах ухааны сургуулийн хамт олноос талархал илэрхийлье.
Бидний хамтын ажиллагаа улам амжилттай байж, говь нутагтаа жишиг их сургуулийн бүтээн байгуулалтыг бий болгохын төлөө зүтгэцгээе.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.














