АШУҮИС-ийн Дорноговь салбар Анагаах Ухааны сургууль нь төрөөс хэрэгжүүлж буй салбарын бодлого шийдвэртэй уялдуулан хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг судлах, улмаар тэдэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагууд, боловсролын байгууллагуудтай хамтран эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх, зөвлөгөө мэдээллээр хангах ажлыг эрчимжүүлэх шаардлага үүсч байгаатай холбогдуулан зорилгоор “ХҮҮХЭД, ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ”-ыг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус эрдэм шинжилгээний хуралд аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв , Боловсролын газар, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн байгууллага зэрэг олон салбарын эмч, багш, мэргэжилтнүүддээ өөрсдийн эрхэлж буй ажил мэргэжлийнхээ хүрээнд судалгаа шинжилгээний ажил хийж, арга туршлагаасаа хуваалцлаа.
Тус хуралд Дорноговь аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М. Мөнхбат,
Аймгийн Боловсролын газрын дарга М.Энхболд, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн эрдэмтэдийн зөвлөлийн гишүүн, МУ-ын гавьяат багш АУ-ы Доктор, Профессор Б.Ганбаатар, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Биохимийн тэнхимийн эрхлэгч АУ-ы Доктор, Профессор Ж.Мөнхцэцэг, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Эм судлалын тэнхимийн эрхлэгч, Дорноговь аймаг дахь Анагаах Ухааны сургуулийн Эрдэмтэдийн зөвлөлийн гишүүн АУ-ы Доктор, дэд профессор Д.Нарантунгалаг, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Эм судлалын тэнхимийн багш АУ-ы магистр С. Сарнай нар урилгаар оролцлоо.
Тус хуралд 30 гаруй судлаачдын илтгэл ирүүлж, 8 илтгэл аман хэлбэрээр хэлэлцүүлснээс:
Шилдэг илтгэлээр
1-р байранд Сайншанд сумын 12-р сургуулийн их эмч Ц.Янжмаа “Сүү, сүүн бүтээгдэхүүний хүүхдийн эрүүл мэндийг дэмжих нь”
2-р байранд Сайншанд сумын “Агатова” ӨЭМТ-ийн дарга, их эмч О.Уранчимэг “Хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн өнөөгийн байдал”
3-р байранд Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын анхан шат, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б. Эрдэнэцэцэг “БЗДХ Өвчинд өсвөр насныхы эзлэх хувь, анхаарах асуудал”
Тусгай байранд АШУҮИС-н Дорноговь аймаг дахь салбар АУС-н Эм-зүй, Био-Анагаахын тэнхимийн багш С.Алтанчимэг “Өсвөр насны хүүхдийн электрон тамхины хэрэглээ”
Сайншанд сумын 4-р цэцэрлэгийн арга зүйч багш Н. Одгэрэл “ Хүүхдийн өдөр дутмын хооллолтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам” илтгэл шалгарлаа.
Мөн энэхүү хурлын зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн, орон нутаг дахь их сургуулийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй Дорноговь аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, мөн АШУҮИС-иас уригдан ирж оролцогчдод мэдлэг түгээж, үнэтэй зөвлөгөө өгсөн зочин профессорууддаа хамт олныхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлье.