ЯПОН ЗОЧДЫН АЙЛЧЛАЛ- ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖСӨӨР

АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль нь гадаад хамтын ажиллагааныхаа хүрээнд Япон улсын Софиа их сургуулийн Сувилахуйн багш, оюутнуудын төлөөллийг хүлээн авч 2024 оны 09 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд үйл ажиллагаа зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болон ирсэн айлчлалын хүрээнд Япон улсын Софиа их сургуулийн Сувилахуйн сургуулийн профессор Yae Yashino багшаар ахлуулсан оюутнууд болон АНУ-ын UCLA- ийн Сувилахуйн сургуулийн Профессор Wei-ti Chen, манай сургуулийн шилдэг төгсөгч М.Хулан нартай хамтран Япон Монголын эрүүл мэнд, сувилахуйн Олон улсын семинар зохион байгуулж, Эх хүүхдийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээ, Настны сувилахуйн өнөөгийн байдлын талаар Монгол, Япон, АНУ-ын 6 илтгэл хэлэлцүүллээ.

Мөн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх, Нярайн тасаг, Ахмадын болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Эрүүлжин хөгжих төв”-өөр зочлон, алслагдсан сум орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай танилцах зорилгоор Алтанширээ сумын эрүүл мэндийн төвд очиж туршлага судаллаа.

Оюутны хөгжил хөтөлбөрийн хүрээнд Монгол Японы оюутнуудын Соёлын арга хэмжээг зохион байгуулж, Монгол үндэсний хувцас соёл, тоглоом наадгай, Монгол бичиг, Япон ханз, урлагийн тоглолт зэргийг үзүүлж, аймгийнхаа үзэсгэлэнт байгаль, Хамарын хийд, Энергийн төвөөр аялуулан оюутнууд хамтдаа танилцаж, нөхөрлөж, бие биенээсээ суралцсан сайхан арга хэмжээ боллоо.

Өөрсдийн хичээл зүтгэл, сонирхолоороо Япон хэлийг сурж буй “Сакура” клубын оюутнууд маань үнэхээр мундаг байлаа.

Бидний гадаад хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх болтугай.

Share on facebook
Share on twitter
Share on telegram