Заxирлын мэнДчилгээ

Монгол улсын эрүүл мэндийн салбарт амжилттай ажиллаж байгаа Дорноговийн анагаах хэмээх их айлаас хүний их эмч, сувилагч, бага эмч, эх баригч, эм найруулагч, лабораторийн техникч мэргэжлээр төгсөн гарсан үе үеийн төгсөгчид,  удирдлагууд, багш, ажилчид,  одоо суралцаж буй оюутнууд, хамтран ажиллагч байгууллага хамт олон, иргэд та бүхнээ хүндэтгэн мэндчилье.  

Хөдөө орон нутагт  бүс дундын тодотголтой эмнэлгийн тусгай мэргэжлийн сургуулиуд байгуулж эхэлсний  анхных  нь манай сургууль бөгөөд говийн болон зүүн бүсийн аймгуудыг эх баригч бага эмч, сувилагчаар хангах үүрэгтэйгээр Дорноговь аймаг дахь Анагаах Ухааны Дунд Сургууль 1962 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 200 дугаар тогтоолоор 5 анги, 120 оюутан, 9 багш, 12 ажилтантайгаар анх үүсгэн байгуулагдаж, 1992 оноос Анагаах Ухааны Коллеж,  2010 онд  ЭМШУИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль, 2014 оноос  АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь Анагаах ухааны салбар сургууль  болж  нэгэн жарныг ардаа орхиж, Монгол улсад  эмч  эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэсэн эрдмийн их уурхай  болон  өргөжин хөгжиж ирлээ.

Их түүхийг бүтээж сургуулийн маань хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө бүхий л амьдрал, сэтгэл зүрх, хөлс хүчээ зориулан ажилласан үе үеийн удирдлагууд, багш, ажилчид, оюутнууд, төгсөгчдийнхөө  алдар гавьяаг бахархан дурсахад бахархалтай байна.

Тус  сургуульд  нэг ээлжинд 500 оюутан хичээллэх 1264 м2 хичээлийн төв байр, 160 оюутан хичээллэх 1232 м2  хичээлийн 2 дугаар байр, 2015 онд ашиглалтанд орсон стандартын шаардлага хангасан спорт заал, 500 оюутны багтаамж бүхий соёлын танхим, 2016 онд ашиглалтанд орсон 4 давхар 570 м2 барилга бүхий  “Мандах наран” сургуулийн түшиц эмнэлэг, 2017 онд ашиглалтад орсон 100 оюутны суудал бүхий номын сан, 260 оюутан амьдрах оюутны дотуур байр, Хэнтий аймгийн  Дэлгэрхаан сумын  Аварга тосон амралтын газар байрлах оюутны зуны үйлдвэрлэлийн дадлага хийх сургалтын бааз, амралтын газар  зэрэг үндсэн барилга байгууламж бүхий сургалтын материаллаг баазтай.

          Манай хамт олон АШУҮИС-ийн бодлого чиглэлд тулгуурлан олон улсын хөгжлийн нийтлэг хандлага, бүс нутгийн болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, сургалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогц байдлыг хангасан, мэдлэгт суурилсан, нийгэмд өрсөлдөх чадвартай эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг, орон нутаг дахь тэргүүлэх  салбар их сургууль болохын төлөө эрхэм зорилгыг тавин ажиллаж байна.

 

Дорнын говь нутагт орших Анагаахын сургуулийн нийт хамт олны нэрийн өмнөөс та бүхэндээ  амжилт бүхний  дээдийг хүсэн ерөөе.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

 

АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар анагаах ухааны сургуулийн захирал, Бизнесийн удирдлагын Доктор М.Отгончимэг 

Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн бүтэц