“Чадварлаг оюутан-2024” анагаахын оюутны эрдэм шинжилгээний хурлыг АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулиас 5 дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа.

“Чадварлаг оюутан-2024” эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэхээр АШУҮИС-ийн салбар болон бүрэлдхүүн сургуулийн оюутны судалгааны 40 илтгэл ирснээс хурал зохион байгуулах редакцийн баг хэлэлцэн 38 илтгэлийн хураангуйд хэвлэж, 12 илтгэлийг аман байдлаар хэлэлцүүлсэн байна.

Хуралдаанд 3 секторын 12 илтгэл аман байдлаар хэлэлцэгдсэн ба хурлын даргаар АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн сургалтын албаны дарга Анагаах ухааны магистр Б.Булгантуяа, Эмзүй, Био-Анагаахын тэнхимийн эрхлэгч Биологийн ухааны магистр Ш. Энхмаа нар ажиллаж, шүүгчээр АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн эрдэм шинжилгээ мэдээлэл технологийн албаны дарга, Биологийн ухааны доктор, дэд профессор Д. Баатар, АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Эмнэлзүйн лабораторийн тэнхимийн багш Анагаах Ухааны доктор, профессор Ч. Ганчимэг, Анагаах ухааны доктор, дэд профессор Н. Батчимэг нар ажиллав.

Зочин илтгэгчээр АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Эмнэлзүйн лабораторийн тэнхимийн багш Анагаах ухааны доктор, дэд профессор Н. Батчимэг “Судалгаа, судалгааны ажил хийх арга зүй” сэдвээр, мөн тэнхимийн багш Анагаах ухааны магистр С. Батзаяа “Gut Microbiota Dynamics and Chronic Inflammation in HIV-1 gp120 Transgenic Mice” сэдвээр илтгэл хэлэлцүүлж оролцогч оюутан залууст эрдмийн хишиг хүртээлээ.

Аман байдлаар хэлэлцэгдсэн илтгэлүүдээс “Хийжүүлсэн ундаан дахь уураг болон сахар тодорхойлсон дүн” сэдэвт илтгэлээр АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Лабораторийн техникчийн 2-р дамжааны оюутан Э. Элбэгбаяр илтгэгчтэй судалгааны баг тэргүүн байр,

“Оюутны стрессийн зарим хүчин зүйлийг судалсан нь” сэдэвт илтгэлээр АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Хүний их эмчийн 3-р дамжааны оюутан Л. Баасансүрэн илтгэгчтэй баг дэд байр,

“Агаарын бохирдол, температурын өөрчлөлт нь амиа хорлолтын тохиолдолд үзүүлэх нөлөө: Системчилсэн тойм ба мета анализд хийгдсэн мета анализ ба шүхэр тойм” сэдэвт илтгэлээр АШУҮИС, Анагаах ухааны сургууль, хүний их эмчийн 6-р дамжааны оюутан Б. Ирмүүн илтгэгчтэй судалгааны баг гутгаар байранд шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Share on facebook
Share on twitter
Share on telegram