“ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ БА ШИЙДЭЛ”-ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Дорноговь аймаг 2025 оныг “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан эрэгтэйчүүдийн дундах эрүүл мэндийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, орчин үеийн судалгаа шинжилгээний аргачлалын дагуу судлан, таниулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нотолгоо болох, эрүүл мэндийн салбарын судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Тус хуралд АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн багш нар, Аймгийн эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцож 20 гаруй илтгэлээс 8 илтгэл шалгаран тавигдлаа.

“Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал ба шийдэл” эрдэм шинжилгээний хуралд Цэргийн төв эмнэлгийн Бодлого төлөвлөлт хамтын ажиллагаа эрхэлсэн орлогч дарга Дэд хурандаа А.Ганбат Зочин илтгэгчээр, Бөөр шилжүүлэн суулгах багийн гишүүн, урологийн мэс заслын эмч, Дэслэгч Б.Тэмүүлэн судалгааны илтгэлээр оролцож, судлаачдад зөвлөгөө өглөө.

Мөн Цэргийн төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах багийн гишүүн, урологийн мэс заслын эмч Ахмад Г.Шижирбаатар, Бөөр шилжүүлэн суулгах багийн гишүүн, урологийн мэс заслын эмч Ахлах дэслэгч Б.Уранбилэгт, Дүрс оношилгооны эмч Дэслэгч М.Сэргэлэн, Лабораторийн техникч Дэд ахлагч С.Ариунбаатар нар салбар сургуулийн Мандах наран “Оюутан түшиц” эмнэлэгт Андрологи, Урологийн чиглэлээр үзлэг шинжилгээг хийж давхардсан тоогоор 67 хүнийг хамруулан эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажиллалаа.

Бидний ажлыг дэмжин хамтран ажилласан Цэргийн төв эмнэлгийн Бодлого төлөвлөлт хамтын ажиллагаа эрхэлсэн орлогч дарга Дэд хурандаа А.Ганбатаар ахлуулсан баг бүрэлдэхүүндээ талархал илэрхийлье.

Share on facebook
Share on twitter
Share on telegram