АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Софиа их сургуулийн Сувилахуйн багш, оюутнуудын төлөөлөл 2025 оны 09 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Дорноговь аймагт зочиллоо.
Япон улсын Софиа их сургуулийн Сувилахуйн сургуулийн профессор Yae Yashino багшаар ахлуулсан шилдэг 12 оюутнууд, тус сургуулийн профессор Nahoko Okamoto, Япон улсад ажиллаж амьдарч буй манай анагаахын сургуулийн төгсөгч М.Хулан нар 4 өдрийн турш бидэнтэй хамтран ажиллаж, ЭШ-ний хурал зохион байгуулж оюутнууд маань Гэрийн асаргаа сувилгаа, Жирэмсэн үеийн асаргаа сувилгаа, Хүүхдийн хүчирхийлэл, Эрүүл амьдралын хэв маяг, Яаралтай тусламжийн үеийн асаргаа сувилгаа сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, Монгол Японы эрүүл мэндийн салбарын сувилахуйн тусламж үйлчилгээний талаар санал солилцлоо.
Туршлага судлах аялалын хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын Агатова Өрхийн эрүүл мэндийн төв, нярай хүүхэдтэй айлын гэрийн эргэлт, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Эрүүлжин хөгжих төв”, Говийн бүсийн Ахмад настны асрамжийн төв, Сайншанд 12 дугаар цэцэрлэг, алслагдсан сум орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай танилцах зорилгоор Зүүнбаян сумын эрүүл мэндийн төв зэрэгт очиж хөдөө орон нутагт иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрхэн явагддаг талаар сонирхож туршлагаасаа хуваалцлаа.
Мөн тус сургуулийн Сувилахуйн ангийн багш оюутнуудтай хамтарсан дадлага хичээлийг зохион байгуулсан нь сувилагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудын хувьд хамгийн чухал арга хэмжээ байсан бөгөөд бие биенээсээ суралцаж чадсан.
Оюутны хөгжил хөтөлбөрийн хүрээнд Монгол Японы оюутнуудын Соёлын арга хэмжээг зохион байгуулж, Монгол үндэсний хувцас соёл, тоглоом наадгай, Монгол бичиг, Япон ханз, урлагийн тоглолт, Япон оюутнуудын урлагийн мэндчилгээ, тоглоом зэргийг үзүүлж, Япон хэлний Сакура клуб, Англи хэлний клубын оюутнууд бие биенээсээ суралцаж нөхөрлөсөн сайхан арга хэмжээ боллоо.
Мөн түүнчлэн айлчлалын хугацаанд Дорноговь аймагт зохион байгуулагдсан “ТЭНГЭРИЙН ХУТАГТ ФЕСТИВАЛЬ”-д оролцож, Монголыг өв соёл, ёс заншил, урлаг, бүжгийн жүжиг, морин хуурын чуулгын тоглолт үзэж сонирхон, морь, тэмээ унаж Монгол гэрт зочиллоо.
Бидний гадаад хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх болтугай.








