“Чадварлаг оюутан -2025”

Анагаахын сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хурлыг АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль 6 дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа.

Хурал 2025 оны 12-р сарын 05-нд АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн хурлын зааланд танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан ба уг хурлыг тус сургуулийн захирал, БУ-ны доктор М. Отгончимэг нээж үг хэлэв. Жил ирэх тусам энэхүү хурал улам өргөжиж, илүү чансаатай олон илтгэлүүд ирүүлдэгт судлаач оюутнууддаа талархаж байгаагаа онцолсон бөгөөд, Анагаахын мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж буй төр, хувийн хэвшлийн 8 сургуулийн оюутнуудын ирүүлсэн 41-илтгэлээс шилдэг 13-г шалгаруулж хэлэлцүүлж буйг, мөн энэхүү хурлын ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажилласан “Төгс Омбол” ХХК, “Ганга” эмийн санд баярласан талархсанаа илэрхийллээ.

“Чадварлаг оюутан 2025” ЭШХ-д хэлэлцүүлэхээр ирүүлсэн 41 илтгэлийг редакцийн баг шүүн тунгаан илтгэлийн хураангуйд хэвлэж, 13 илтгэлийг аман илтгэлээр хэлэлцүүлсэн байна.

Уг хуралд АШУҮИС-ийн Ахисан Түвшний Сургуулийн технологийн хэлтэсийн дарга, АУ-ны доктор Б. Сэдэд “Хиймэл оюун ухааны хэрэглээ ба судалгааны ажлын төлөвлөлт” сэдвээр зочин илтгэл хэлэлцүүлж, эрдмийн хишиг хүртээлээ.

Хурал даргалагчаар АШУҮИС-ийн Дорноговь салбар АУС-ийн ЭШМТА-ны дарга, эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, Биологийн Ухааны доктор, дэд профессор Д. Баатар, Эм зүй, Био-Анагаахын тэнхимийн эрхлэгч, Боловсрол судлалын магистр Б. Мөнхцэцэг, Эм зүй, Био-Анагаахын тэнхимийн багш Анагаах ухааны магистр Ц. Даваачимэг нар, шүүгчээр АШУҮИС-ийн Дорноговь салбар АУС-ийн эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУ-н гавьяат багш, Доктор, профессор Д. Нямхүү, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн албаны дарга, АШУҮИС Дорноговь салбар АУС-ийн эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, доктор, дэд профессор У.Энхбаяр, АШУҮИС Дорноговь салбар АУС-ийн Сургалтын албаны дарга Анагаах Ухааны магистр Б. Булгантуяа нар ажиллав.

Шалгарсан илтгэлүүд:

1-р байр: “Оюутнуудын төрөлх өвөрмөц чанарыг 3D хэмжээс болон стрессийн түвшинтэй харьцуулах нь” Ц. Чинхүсэл АШУҮИС, МАУОУС, Уламжлалтын их эмчийн 5-р дамжаа

2-р байр: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хандлагыг харьцуулан судалсан нь” Ш. Нямгэрэл “Ач” АУИС, Их эмчийн 2-р дамжаа

3-р байр: “Хиймэл оюунтай чатботууд оюутнуудын суралцах үр дүнд үзүүлэх нөлөө” О. Саранцэцэг АШУҮИС, Дорноговь салбар АУС, Сувилахуйн 4-р дамжаа.

Шилдэг Эмнэлзүйн ховор тохиолдол:

АШУҮИС, Дорноговь салбар АУС, Их эмчийн 5-р дамжааны оюутан С. Ергулан “Фурнегийн үхжил” сэдэвт эмнэлзүйн ховор тохиолдол шалгарлаа.

Share on facebook
Share on twitter
Share on telegram