“БИДНИЙ СУРГУУЛЬ-БИДНИЙ БАХАРХАЛ-2026” ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧДИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн үе үеийн төгсөгчдийн уулзалт Хэнтий аймгийн ЧИНГИС хотод 2026.04.24-өөс 2026.04.26 хооронд зохион байгуулагдлаа.

Сургуулийнхаа он цагийн түүхийг хамтдаа бүтээлцсэн, үе үеийн төгсөгчдийн “БИДНИЙ СУРГУУЛЬ-БИДНИЙ БАХАРХАЛ-2026” төгсөгчдийн уулзалтад Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Улаанбаатар хот, Эрдэнэт хот, Багануур дүүрэг, бүсийн аймгуудын төгсөгчид хүрэлцэн ирж оролцсонд халуун талархал илэрхийлье.

Бид төгсөгчдийнхөө оюутан цагийнх нь дурсамжийг хөглөх, бие биенээсээ суралцах, багш, ажилчид, анги хамт олныхоо амжилтыг дурсан санах, түүхэн хуудаснаа үлдээх боломжийг олгох зорилгоор энэхүү уулзалтыг 2 жил тутамд зохион байгуулдаг билээ.

Энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан Хэнтий аймгийн Төгсөгчдийн холбоо, төгсөгч, дэмжин ажилласан Хэнтий аймгийн ЗДТГазар, Эрүүл мэндийн газрын удирдлагууд, хамт олонд нийт төгсөгчдийнхөө нэрийн өмнөөс гүн талархалаа илэрхийлье.

Энэ удаагийн уулзалт арга хэмжээний хүрээнд төгсөгчид маань ололт амжилт, туршлагаа хуваалцаж, эрдэм шинжилгээ судалгааны ажлаа танилцуулж, анагаахын сургуульд суралцаж байсан олон сайхан дурсамжуудаа сэргээж, нөхөрсөг тэмцээндээ оролцож, сургуулийнхаа ирээдүйн хөгжлийн төлөө сэтгэл гарган, эе эвийг эрхэмлэн маш амжилттай оролцлоо.

Дорнын говь нутаг, энергийн их авшиг шингэсэн сайхан нутгаас анагаах эрдэмд суралцан, ажил амьдралынхаа гарааг эхлүүлсэн та бүхэн минь өнөөдөр Монгол улсынхаа өнцөг булан бүрт эрүүл мэндийн салбарын анхан шатны эмнэлгээс эхлээд, лавлагаа шатлалын эмнэлгүүдэд маш амжилттай ажиллаж, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн зүтгэж байгаад сургууль хамт олон нь үргэлж бахархаж байна.

Дорноговийн анагаахын сургуулийн үе үеийн төгсөгчдийн дараагийн уулзалт 2028 онд Сүхбаатар аймагт зохион байгуулагдахаар боллоо.

Сургуулийнхаа үе үеийн төгсөгчиддөө цаашдын ажил амьдралд нь аз жаргал, амжилтын дээдийг хүсэн, төрлөх сургуулийнхаа хөгжил, ирээдүйн эмч эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан, анги хамт олноороо хамтран зүтгэхийг уриалж, эрүүл энхийн үйлсэд нь амжилт хүсье.

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газарХэнтий аймаг Эрүүл мэндийн газар

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Share on facebook
Share on twitter
Share on telegram